Даатгал хээр азрага
Хурдны өлгий Сүхбаатар нутгаас төрсөн цуут хүлгэдийн нэг олноо “Даатгал” хэмээн алдаршсан хээр азарганы түүхийг хурдан морь сонирхогч та бүхэндээ “Хурдны өлгий Сүхбаатар” пэйж булангаараа дамжуулан хүргэж байна. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Буян-Өлзийн Жаргалсайханы “Эрэмгий хээр” буюу “Даатгал хээр” азарга нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Маналжавын унаган адуу юм.
Хээр азарга Жаргалсайханы хэмээн нэрлэгдэх болсон нь бас л сонин түүхтэй.
Нэгэн үе “Монгол даатгал” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Жаргалсайханд тус компанийн Сүхбаатар аймаг дахь салбарын захирал настан “би энэ адууг өгөх хүндээ л өгнө” хэмээн зүтгэж дүүгийнхээ адуунаас хээр зүсмийн соёолон үрээ барьж бэлэглэсэн нь нийтлэлийн маань эзэн Даатгал хээр байсан юм. Номын мөр хөөн морь малнаас хол өссөн Б.Жаргалсайхан захирал тухайн үед нэг их ойшоогоогүй ч настай хүний урмыг бодон авсан хэмээдэг. Эрэмгий хээр шинэ эзэндээ ирсэн даруйдаа адуутай нөхөрлөхийн жаргалыг мэдрүүлж анхны түрүүг нь амсуулж, түүнийг нэгмөсөн моринд урвуулж орхих нь тэр.
Б.Жаргалсайхан “Эрэмгий хээр” хоёрын ганзага нийлсэн тэрхүү анхны наадам нь Ерөнхий сайд Жигжиджав агсны нэрэмжит зүүн бүсийн уралдаан байсан бөгөөд хээр азарга саахалтын зайтай тасарч түрүүлжээ.
Хээр азарга 2003 оноос эхлэн төрийнхөө их баяр наадамд уралдах бөгөөд АХ-ын 82 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдалж мөн ондоо зохиогдсон өвгөн ноён Хардал жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаанд түрүүлэн морь сонирхогч, уяачдын анхаарлыг татах болсон юм.
Чухам энэ л үеэс Даатгал хээр азарга түрүү хүлгэдийн тааварт зүй ёсоор багтан уяачдын зүрхэнд шар ус хуруулах болов.
Улмаар 2004 онд зохиогдсон “Их хурд-3”, Алтан-Овооны төрийн тахилгат наадамд аман хүзүүдэн уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныхоо магнайг тэнийлгэлээ. Ийнхүү уралдсан болгондоо тод магнай торгон жолоогоо өргүүлсэн хээр азарга 2005 оны Үндэсний их баяр наадам, АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдлан, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, АХ-ын 85 жилийн ойн их баяр наадамд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж наадамчин олныг огшоосон билээ.
Төрийн их баяр наадмуудад тогтмол дээгүүр дээгүүр амжилт үзүүлдэг “Даатгал хээр” бооцоот уралдаанд тун “хойрго” нэгэн. Үүнтэй холбоотой нэгэн сонин түүхийг уншигч танд хүүрнэе л дээ. Өвгөн захирал хээр соёолонгоо бэлэглэхдээ “энэ адууг ямар нэгэн бооцоо ашгийн төлөө битгий уяарай” хэмээн хичээнгүйлэн захижээ. Гэтэл уяачдын хатгалганд автан, адууныхаа ирэнд омогшсон Б.Жаргалсайхан 2005 оны Дүнжингаравын хурдад хээр азаргаа сорихоор шийдэн зэхэж байтал яг өмнөх орой нь азарганууда зодолдон хээр азарганых нь хамрыг тас хазаад 16 газар шархтуулчихсан байх нь тэр. Өмнө нь ямар ч адууг өөртөө хүргэдэггүй байсан хээр нь цусанд хутгалдсан байхыг хараад Б.Жаргалсайхан настаны үгэнд ороогүйдээ харамсахын дээдээр харамсан “хээр азаргаа ямар ч өндөр бай шагналтай байсан бооцоот уралдаанд уралдуулахгүй” хэмээн хатуу шийдсэн Б.Жаргалсайхан шийдвэрээсээ дахин буцаагүй юм.
Тэр цагаас хойш “Даатгал хээр” сум аймгийн наадамд ч уралдаггүй зөвхөн улс бүсийн чанартай томоохон уралдуунуудад тоосоо өргөдөг болсон юм.Даатгал хээр харамсалтайгаар эндсэн ч үр төлөөс нь эцгийн шийрийг хатаах хүлэг төрнө хэмээн эзэн нь найдаж байгаа аж.
No comments:
Post a Comment